Omni Active - МXБ дээр 4 ХБҮЦ бүртгэгдэж нийт ₮69 тэрбумыг татан төвлөрүүлжээ
Нийтлэгдсэн огноо 2022-09-05
Монголын ХБҮЦ-ны зах зээлийн хэмжээ болон түүхийн тухай товхимолыг LemonPress-тэй хамтран хүргэж байна.
“Омни Актив ХБҮЦ (MONI)” ээлжит хүүгийн төлөлтөө өнгөрсөн Баасан гарагт буюу 9-р сарын 2-ны өдөр амжилттай хийжээ.
Омни Актив ХБҮЦ-ны талаар сонсоогүй бол…
Омни Капитал ББСБ нь Омни Актив ТЗК-г байгуулан энэ оны хамгийн анхны ХБҮЦ-ыг гаргасан. Тус ХБҮЦ-ны тухайд,
- Татан төвлөрүүлсэн дүн: ₮5 тэрбум
- Хүүгийн хэмжээ: Жилийн 14.5%
- Хөрөнгийн баталгаа: Тус үнэт цаас нь 808 зээлдэгчийн ₮5 тэрбум гаруй хэвийн ангиллын зээлээр баталгаажсанаас гадна ₮11 тэрбумын барьцаа хөрөнгөтэй.
Оны I улиралд ХЗЗ-д хөл тавьсан уг ХБҮЦ хоёр дахь хүүгийн төлөлт болох ₮181.3 саяыг амжилттай төлсөн. Ингэснээр тэд нийт ₮362.5 саяын хүүгийн төлөлт хийгээд буй. Мэдээж эдгээр хүүгийн төлөлтөөс 5% орлогын албан татвар хасагддаг гэдгийг санаарай.
Монголын ХБҮЦ-ны зах зээл хэр том бэ?
ХБҮЦ гэх нэршлийг 2021 онд “Инвескор Актив ХБҮЦ (IABS)”-аар мэдэж эхэлсэн. Тэгвэл 2 жил хүрэхгүй хугацаанд Монголын ХЗЗ-д нийт 4 ХБҮЦ бүртгэгдсэн бөгөөд тэд нийт ₮69 тэрбумыг татан төвлөрүүлж чаджээ. Тодруулбал,
- Хамгийн анхны нээлттэй ХБҮЦ: Дээрх дурдсанчлан Инвескор Актив ХБҮЦ анхдагч байсан бөгөөд тэд нэгж үнэт цаасаа ₮400 мянгаар үнэлж, нийт ₮4 тэрбумыг татан төвлөрүүлжээ.
- Булган сүүлтэй ХБҮЦ: Омни Актив ХБҮЦ энэ оны эхээр буюу 2-р сард бүртгэгдсэн ба нийт ₮5 тэрбумыг татан төвлөрүүлсэн бөгөөд тэдний араас 2 ч ХБҮЦ шинээр гарсан.
- Хамгийн өндөр дүнтэй ХБҮЦ: Симпл Ассет ХБҮЦ(SMPL) гарснаар энэ салбарт шинэ дээд түвшин тогтоосон нь ₮50 тэрбум байлаа. Тэд нам гүм байсан Монголын ХЗЗ-д дорвитой чимээ гаргасан.
- Отгон ХБҮЦ: Бэрс ХБҮЦ(BERS) мэндлээд ердөө хоёр 7 хонож байгаа бөгөөд нийт 162 захиалгаар ₮10 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлжээ.
Эцэст нь…Дээрх 4 ХБҮЦ-нууд жилд дунджаар 15.2%-ийн хүү төлж байгаа бөгөөд эрсдэл бага боломжийн хүүтэй хөрөнгө оруулалт сонирхож буй уншигч та бүхэн эдгээр ХБҮЦ-нуудад хөрөнгө оруулах бүрэн боломжтойг санаарай. Харин ХБҮЦ-ны давуу талыг ЭНД-ээс уншаарай.
Эх Сурвалж: https://lemonpress.mn/news/securities_development/