Omni Active - Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас гэж юу вэ? ХБҮЦ-ны давуу талуудыг товч cийрүүлбээс
Нийтлэгдсэн огноо 2022-09-07
Хөрөнгийн зах зээлийн хөгжил хурдсаж буй энэ үед иргэд та бүхэн нөгөө л нэг хувьцаа, бонд, койноос өөр ямар хөрөнгө оруулалт байдаг бол гэж бодож байвал “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас”-ыг сонирхоод үзээрэй. Хөрөнгө оруулалтын хамгийн энгийн зөвлөгөө нь хөрөнгөө оруулалтаа төрөлжүүлэн нэг сагсанд бүх өндгөө хийхгүй байх тул энэхүү ХБҮЦ нь та бүхэнд өөр нэгэн хөрөнгө оруулалтын хэрэгслийг санал болгох юм.
ХБҮЦ нь эрсдэл багатай, тогтмол өгөөжтэй хэрэгсэл бөгөөд ирээдүйд төлөгдөх зээлүүдийг багцлан гаргадаг байна. Манай улсад харьцангуй сүүлд танигдаж эхэлсэн нэршил бөгөөд анх нээлттэй арилжаалагдсанаас хойш 2 жил хүрэхгүй хугацаанд 4 ХБҮЦ нээлттэй арилжаалагдсан байна.
Энэхүү шинэлэг хөрөнгө оруулалтын хэрэгслээс онцлон дурдвал “Омни Актив ХБҮЦ (MONI)” ээлжит хүүгийн төлөлтөө өнгөрсөн Баасан гарагт буюу 9-р сарын 2-ны өдөр амжилттай хийжээ. Таны хөрөнгийг “Бамбай” дор хадгалан, зах зээлийн өсөлт, уналтыг үл ажран тогтмол өгөөж хүртээн, хүүгийн төлөлтөө тогтсон цаг тухай бүрд нь хийж буй тус үнэт цаасыг Омни Капитал ББСБ нь Омни Актив ТЗК-г байгуулан энэ оны эхэнд гаргасан билээ.
Тус ХБҮЦ-ны тухай тоймловол:
- Татан төвлөрүүлсэн дүн: ₮5 тэрбум
- Хүүгийн хэмжээ: Жилийн 14.5%
- Хөрөнгийн баталгаа: Тус үнэт цаас нь 808 зээлдэгчийн ₮5 тэрбум гаруй хэвийн ангиллын зээлээр баталгаажсанаас гадна ₮11 тэрбумын барьцаа хөрөнгөтэй.
Энэ оны салхийг хагалан МХХ-д арилжаалагдаж эхэлсэн тус ХБҮЦ-ны хоёр дахь хүүгийн төлөлт болох ₮181.3 саяыг амжилттай төлсөн бөгөөд ийнхүү нийт ₮362.5 саяын хүүгийн төлөлтийг хийгээд буй. ХБҮЦ-ны нэг давуу тал болох татварын хөнгөлөлтөө эдлээд 5%-ийн орлогын албан татвараа төлсөн дүнг хөрөнгө оруулагч та бүхэн хүртсэн гэдгийг мартуузай.
Эцэст нь ХБҮЦ-ны давуу талуудыг мөн товчхон дурдах хэрэгтэй болов уу:
- Манай улсад гарч байгаа ХБҮЦ-нууд нь нээлттэй зах зээлд хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдаж байгаа тул хөрвөх чадвар өндөртэй, чөлөөтэй арилжаалагдах үнэт цаас болдог байна. Мөн нэмээд хэлэхэд хүн бүр авах боломжтой, анх гарахад нь авч чадаагүй нэгэн ч хугацааны дундуур худалдан авч болдгоороо давуу талтай.
- Бас болоогүй дээр дурдсанчлан татварын хөнгөлөлт эдэлнэ! Таны төлөх орлогын албан татвар 5% л байх тул хаалттай бонд, банкны хадгаламж зэргээс бүтэн 5%-аар бага гэсэн үг.
- Сүүлийн 2 жилд гарсан ХБҮЦ-нууд дунджаар 15.2%-ийн өгөөж өгч байгаа гээд бодоход ихэнх тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнээс өндөр хүүтэй байгааг харж болно. Мөн улирал тутамд хүүгийн төлөлттэй учир давхар давхар хөрөнгө оруулалт хийн хүүгээс хүү тооцуулах зэрэг бодит өгөөжөө нэмэгдүүлэх боломж олгодог.
- Аа бас тэгээд ирээдүйд төлөгдөх зээлийн төлөлтөөс орж ирж буй мөнгөн урсгалаар баталгаажсан байдаг болохоор тогтсон хугацаандаа амласан өгөөжөө ажралгүй өгдөг, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагуудын хууль журмаар бүртгэгдсэн барьцаа хөрөнгө бас байгаа болохоор эрсдэл тун багатай байдаг.
- Үнэт цаасаа гаргаж буй компани нь Тусгай Зориулалтын Компани гарган үнэт цаасны гаргалт, арилжаа зэрэгт анхаардаг бөгөөд үүн дээр нэмээд бас хөрөнгө итгэмжлэн удирдагч гуравдагч компани хөрөнгө оруулагчдын өмнөөс багцын зээлийн чанар, мөнгөн хөрөнгийн хүрэлцээ зэрэгт тогтмол хяналт тавьдаг тул удирдлага сайтай байна.
Эх сурвалж: https://ikon.mn/n/2nq9