Omni Active - Омни Актив ХБҮЦ - Эхний үндсэн төлөлтөө амжилттайгаар төлөв
Нийтлэгдсэн огноо 2023-03-03
Омни Капиталаас гаргасан Омни Актив Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас (ХБҮЦ) нь Монголын Хөрөнгийн Биржид арилжаалагдан, хөрөнгийн зах зээлийг тэлснээс хойш бүтэн жил өнгөрчээ. Ийнхүү Омни Актив ТЗК (Тусгай Зориулалтын Компани) нь эхний үндсэн төлөлтийг дөрөв дэх хүүгийн төлөлттэй хамт өнөөдөр төллөө.
2023/03/03-ны өдөр хөрөнгө оруулагч иргэд болон байгууллагуудын данс руу эхний хуваарьт үндсэн төлөлт болох 2.5 тэрбум төгрөг хөрөнгө оруулагчдын дансанд байршихын сацуу хуваарьт хүүгийн төлөлт болох 172,187,500.00 төгрөгийн үр шим мөн хөрөнгө оруулагчдын дансанд байршлаа.
- Хөрөнгө оруулагч та бүхэн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн ҮЦТХТ (Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв)-ийн өөрийн нэр дээрх данснаас харилцагч ҮЦК (Үнэт Цаасны Компани)-иар дамжуулан хүлээн авах боломжтой. Хүүгийн төлөлт нь орлогын албан татвар (5%) суутгагдсан дүн болохыг анхаарна уу.
Мэргэжлийн хөрөнгө оруулагч нар шиг 10 сая төгрөгийн орлогогүй, 500 сая төгрөгийн хөрөнгөгүй хөрөнгө оруулагч нарт тогтмол өгөөжтэй, арилжааны банкны хүүгээс өндөр хүүтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломж тун тоотой байдаг билээ. Монголдоо хоёрдогч, 2022 оны анхны ХБҮЦ болсон Омни Актив ХБҮЦ нь нэг жилийн хугацаанд хүүгийн төлөлтөө хоцроолгүй төлж эхний хуваарьт үндэн төлөлтөө хийгээд байна. Омни Актив ТЗК нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш компанийн үйл ажиллагаа, барьцаа багцын мэдээлэл зэргийг цаг алдалгүй хүргэн, хөрөнгө оруулагчдаа мэдээллээр хангаж ирсэн билээ.
Омни Актив ХБҮЦ нь:
-- Таатай нөхцөлтэй
Омни Актив-ийн ХБҮЦ нь жилийн 14.5 хувийн хүүтэй, улирал тутам хүүгийн төлөлттэй, үндсэн төлбөр 12 сар тутам, 24 сарын хугацаатай, хугацааны дундуур зарах боломжтой, 2Х барьцаатай бүтээгдэхүүн. Энэ нь эрсдэл/өгөөжийн харьцааг харгалзан үзэхэд маш таатай нөхцөл юм. Хадгаламжийн дундаж хүүгээс (12%) өндөр үр шимтэй, хөрөнгө оруулалтын эрсдэл багатай тус бүтээгдэхүүн нь хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг та бүхэнд санал болгож байна.
-- Өндөр хяналтын тогтолцоотой
Үнэт цаас гаргагч нь “Санхүүгийн зохицуулах хороо”-ноос тусгай зөвшөөрөл авч Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргасан. Үнэт цаас нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д хадгалагдан, арилжаа “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжина. “Хөрөнгө итгэмжлэн удирдагч” хугацааны турш багцад хяналт тавин, мэдээллээр ханган удирдана.
-- Хүүгийн татвар бага – 5%
ХБҮЦ-ны хүүгийн орлогын албан татвар нь 5 хувь байна. Энэ нь бусад тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд болох банкны хадгаламж, хаалттай бонд зэрэгтэй харьцуулахад 5 нэгж хувийн хөнгөлөлттэй байна.
-- Хүн бүрт нээлттэй
Үнэт цаас нь МХБ-ээр дамжин арилжаалагдах ба хугацааны дундуур хүүгийн алдагдалгүйгээр хэдийд ч зарах, арилжих боломжтой хөрвөх чадвар өндөр бүтээгдэхүүн юм. Мөн хөрөнгө оруулагчийн аливаа шалгуургүй, хүн бүрд нээлттэй бүтээгдэхүүн.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хэмээн онцлох нэгэн шалтгаан нь тус үнэт цаасны баталгаа нь ард нь байрших хөрөнгөдөө оршино. Омни Актив ХБҮЦ-ийн хувьд 11 тэрбумын үнэлгээ бүхий барьцаатай 5-н тэрбумын зээлийн багцаар баталгаажсанд оршино. Энэхүү багцыг гуравдагч этгээд болох Хөрөнгө Итгэмжлэн Удирдагч нь эрсдэлээс сэргийлэн байнга хянан ажилладаг. Тус багцын тухай онцлон дурдвал:
-- Шалгуур хангасан
Үнэт цаас гаргагчийн эзэмшилд буй зээлийг сонгохдоо “Хуулийн болон Санхүүгийн шалгуур”-ын хангасан зээлүүдийг багцалсан. “Өмгөөллийн Ханлекс Партнерс ХХН” хуулийн, Аудитын “Грант Торнтон Аудит” зэрэг байгууллагууд зээлийн санхүүгийн шинжилгээний дүгнэлтийг мэргэжлийн түвшинд гаргасан.
-- Төрөлжсөн
Багцад хэрэглээний зээл 26.5 хувь, автомашины лизингийн зээл 32.3 хувь, бизнесийн зээл 41.2 хувь эзэлж байна. Зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, автомашин багтаж байгаа тул эрсдэлээс хамгаалагдсан.
-- 2Х барьцаа
Тусгаарласан 5 тэрбум төгрөгийн зээлийн багц нь 11 тэрбум төгрөгийн барьцаатай. Зээлийн багцын жигнэсэн дундаж LTV (зээл барьцааны харьцаа) харьцаа 57.3 хувь, барьцаа хөрөнгө зээлтэй харьцуулахад 2 дахин өндөр байна.
-- 100% хэвийн
Багцад багтсан зээлүүд нь 100% хэвийн нөхцөлтэй, шалгуур хангасан зээлүүд ба үнэт цаас идэвхтэй байх хугацаанд (24 сар) багц тогтмол шалгуур хангасан зээлүүдээс бүрдэх нөхцөлийг гэрээ, журмуудад тусган баталгаажуулсан. Тус нөхцөлийн дагуу өнөөдрийг хүртэл зээлийн багцуудыг хэвийн түвшинд барин, шаардлагатай нөхцөл өөрчлөгдсөн зээлүүдийг солин шинэчилж ирсэн билээ.